Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Ховд сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын танилцуулга

2017-03-21

Ховд сум 

Аймгийн төв Улаангомоос 200 км зайтай оршдог бөгөөд Бугат, Шивэр, Ховд, Ачит гэсэн 4 багтай.
Түүх:         
1924 онд Ховд баруун гол сум нэртэйгээр байгуулагдсан манай улсын ууган сумдын нэг бөгөөд тус сумаас 1956 онд одоогийн Ховд аймгийн Мянгад сум руу Чацарганат багийг, Увс аймгийн Өмнөговь сум руу Улиастай, Баянгол багийг тус тус шилжүүлжээ. Харин Увс аймгийн Бөхмөрөн сумаас Ачит багийг тус суманд шилжүүлсэн байна.

Шилжихээс өмнөх Чацарганат багийн буюу тэр үеийн Ховд сумын 8-р багийн иргэдээс МУ-ын гавьяат багш, ШУ-ны доктор Гун-Аажив, МУ-ын гавьяат жүжигчин М.Бадам, Уулын спортын ОУХМ Г.Цэрэннадмид, Улиастай, Баянгол буюу тэр үеийн Ховд сумын 7,9-р багийн иргэдээс Төрийн сайд, генерал Б.Дэжид, төрийн шагналт, доктор Х.Цагаан, МУ-ын гавьяат эдийн засагч, төрийн сайд, доктор Э.Бямбажав, төрийн сайд, доктор Б.Эрдэнэсүрэн, ШУ-ны доктор Х.Цоохүү, төрийн сайд А.Пүрэвжав, доктор Б.Насанжаргал, Ц.Даш нарын алдартнууд төрөн гарч Ховд сумаараа овоглож байжээ.

Газарзүй:

Аймгийнхаа баруун хэсэгт Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Баяннуур, өөрийн аймгийн Өмнөговь, Тариалан, Түргэн, Бөхмөрөн сумуудтай хиллэн оршдог. Сумын төв нь Ховд голынхоо эрэг дээр оршдог бөгөөд зуны улиралд 50 км нүүж Нуурын булаг хэмээх газар зусдаг онцлогтой. Байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, Ховд голоо дагасан бургас, улиас, хусан шугуйтай, Алтайн салбар уулс болох Хархираа-Түргэний уулсдаа хар модон ойтой, мөнх цаст уулстай, Ховд, Шивэр, Нуурын булагийн голуудтай, Ачит, Шаазгай нууртай, Бугат багийн нутагт 108 ширхэг 5 өнгийн нуур байдаг. 18 метрийн өндрөөс унах Гоожуурын хүрхрээ энэ нутагт бий. Увс нуурын ай сав дэлхийн өвд бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сумын зуслангийн газар нутаг тусгай хамгаалалттай болсон. Янгир, ирвэс, зэрлэг гахай, хойлог, алтангургалдай, тарвага зэрэг ховордож буй амьтад энэ нутагт бий.

Тус сумаас төрсөн алдартнууд:

            Хөдөлмөрийн баатар Р.Пүрвээ, төрийн соёрхолт уурхайчин Ц.Дорж, төрийн соёрхолт, МУ-ын ХАА-н гавьяат, доктор(Ph.D) Б.Балган, Соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Нарангэрэл, МУ-ын гавьяат багш П.Батаа, МУ-ын гавьяат тээвэрчин Майдар, МУ-ын гавьяат багш, ШУ-ны доктор(Sc.D), профессор, хурандаа Г.Мягмаржав, ХТАЗүтгэлтэн, төрийн зүтгэлтэн Цулдган, эх оронч Ш.Бүргэлдэй, 20 гаруй ахмад дайчин, Төрийн сайд, ШУ-ны доктор(Sc.D) Ж.Чогдон, Төрийн сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Ёндон, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Лочин, "тэргүүн шадар" дипломатич Б.Нацагдорж, НАХЯ-ны тусгай газрын дарга, чекист, хурандаа Ч.Эрдэнэ, МУ-ын аварга малчин Б.Загиржав, Цэрэнчимэд, Баатаржав, Өлзийбат, Улсын сайн малчин А.Дансран, Ц.Нянгар, Д.Пүрэв, Д.Шавганц, О.Минжин, Б.Янжив, Б.Маням, Т.Дамба, Балжинням, Буянжаргал, Улсын харцага Г.Намсрайжав, улсын начин Ж.Гэлэг, Улсын начин, доктор(Ph.D) Г.Даваасамбуу, БОЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, МНН-ыг үүсгэн байгуулагч анхны дарга, доктор(Ph.D) Д.Басандорж, УМБГ болон НЦГ-ын дарга асан хурандаа Ж.Бумнанжид, доктор(Ph.D) Е.Моголцог, Д.Пүрэв, Г.Эрдэнэчимэг, М.Баярпүрэв, Увс аймгийн орлогч дарга М.Пунцаг, М.Батжаргал,Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, МУ-ын 5 удаагийн аварга, аймгийн арслан, ОУХМ Н.Баярмагнай, Самбо бөхийн Ази тивийн аварга, Жүдо болон самбо бөхийн улсын аварга, ОУХМ Д.Цэрэндулам, Жүдо бөхийн МУ-ын 2 удаагийн аварга, Жүдо бөхийн дэлхийн цомын 2 хүрэл медальт, ОУХМ, аймгийн арслан Н.Батсуурь, аймгийн арслан А.Тэсхүү, Ж.Отгон, СТА, Нисванис хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан, Увс аймгийн Боловсролын хэлтсийн дарга И.Ноосгой, Увс аймгийн Санхүү хэлтсийн дарга, Монголбанкны захирал М.Саарал, Архангай, Увс, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Ц.Намсрайжав, ТЭХЯ-ны хэлтсийн дарга, МУ-ын зөвлөх инженер Ж.Цээлэйсүрэн, ТЕГ-ын хэлтсийн дарга Э.Гүнчин, ЭМЯ-ны хэлтсийн дарга Р.Гомбожав, УБЕХорооны(одоогийн Монголбанк) хэлтсийн дарга С.Булган. Тус сумаас цэрэг, цагдаагийн 23 хурандаа төрсөн онцлогтой сум.

Өнөөгийн байдал:

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш улс орон даяар бий болсон төвийн бүс рүү шилжих их нүүдэл тус сумыг мөн л дайрч тус сумын иргэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон Төв, Сэлэнгэ аймгийн сумдад олноороо шилжин суурьшаад байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд сумын хөгжилд ахиц гарч, 24 цагийн эрчим хүчтэй, гар утасны дэд бүтэц, шилэн кабель орсон, сум орон нутгийн барилгуудыг шинэчилж засварласан, төр засгаас алслагдсан бүс нутагт зөв бодлого барьж ажиллаж эхэлсэн нь нүүдлийг сааруулж байна. Мал сүрэг өсч, эсгийний, загасны гэх мэт жижиг үйлдвэрүүд бий болж, чацаргана, хүнсний ногоо тарьдаг өрхийн тоо эрс ихэсч байна.
Сум маань 2011 онд улсын тэргүүний сумаар, Соёлын төв 2012 онд улсын тэргүүний соёлын төвөөр шалгарч, төрөлх нутагтаа буй Ховдчууд сэтгэл санаа өөдрөгөөр ажиллаж, амьдарцгааж байна.
- See more at: http://uvsnutag.mn/index.php?view=content&type=content&id=383#sthash.8emvxGrQ.dpuf

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%